PDF Хэвлэх И-мэйл
Хувь заяаны эргүүлэг-2
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Хэсэг1

Дөрөвдүгээр бүлэг

Оюун бол намхан, жижигхэн боловч, харахад нэг л хүчтэй юм шиг бүсгүй билээ. Нэг их хөөрхөн биш ч хүмүүст, эрчүүдэд их таалагддаг, нүд, инээмсэглэл, байгаа байдал нь нэг л сайхан хүн билээ.

Одоо Оюун буйдан дээр суун, “Зар мэдээ”, “Шуурхай зар”, “Ажлын зар” гээд л бүх төрлийн заруудыг үзэн, эргүүлж, тойруулж суув. Хувийн мөрдөгч олно гэдэг хэцүү ажил байлаа.

 

-          Хувийн мөрдөгчтэй ажил хэргийн холбоотой нэг ч хүнийг би мэдэхгүй юм байна. Яаж тэдэнтэй холбоо барьдаг байнаа?

-          Манай дарга нэг удаа бичиг баримттай цүнхээ алдчихаад, нэг мөрдөгч хөлсөлсөн гэсэн.Түүнээс асуудаг юм билүү ,- гэж Өлзий хариуллаа.

-          Тэгээд цүнхийг нь олж чадсан юмуу?

-          Ололгүй яахав. Олоогүй бол би юу гэж энэ тухай санах юм бэ?

-          Ёстой юу хийх, яахаа ч мэдэхгүй байна.Мөрдөгч оллоо гэхэд, Мартад тохиолдсон энэ бүх, эрүүл ухаантай хүн үнэмшмээргүй, адал явдлыг яаж ярьж ойлгуулна аа? Мартагийн төрсөнтэй холбооотой асуудал бол яахын аргагүй л эрүүгийн хэрэгт хамрагдахаар, хууль бус эд байгаа даа? Мартагийн ээж нь энэ бүхэнд холбоотой л байж  таарна. Бадам эгчийн тухай аймаар баримтууд гарч ирвэл яана аа? Яах вэ?

-          Мөрдөгчид юу ч ярихгүй байж болно шүү дээ.

-          Яаж ярихгүй байх юм бэ?

-          Мөрдөгч хөлслөхгүй л байхгүй юу? Өөрсдөө л учрыг нь олъё. Эцсийн эцэст чи ганцхан л сайн найзтай.   Тэгэхээр би түүнд чинь туслах хэрэгтэй биз дээ.

-          Чамд ямар зав байдаг юм бэ?  Ажлаасаа шөнө шахуу л ирдэг байж?

-          Байдал өөрчлөгдөж байгаа л даа.

-          Юу гэж байгаа юм? Чамайг арай ажлаас чинь халж байгаа юм биш биз дээ?

-          Үгүй ээ,үгүй. Манайх санхүүжилт байхгүй гээд хүмүүсээ тодорхойгүй хугацаагаар амраах л болоод байх шиг байна.

-          Тэгээд?

-          Тэгээд бид өөр ажил хайж эхэлсэн.

-          Чамд ямар нэгэн бодсон юм байгаа юм уу?

-          Байх нь ч байна аа. Шинээр байгуулагдаж байгаа ТВ-С-д нэг ажлын тухай ярилцсан. Сонгуулийн өмнө тэнд ажил ихтэй л байх юм шиг байна билээ. Гэхдээ энэ ажилд хагас сарын дараа орно. Тэгэхээр энэ хугацаанд чиний Мартагийн асуудлын учрыг олж амжих байх л гэж бодоод байна, би?

-          Чи нээрээ мөрдлөг хийж чадна шүү. Чамд өчнөөн олон хугацаа нь дууссан, янз бүрийн сонины сурвалжлагчийн үнэмлэх энэ тэр байгаа юм чинь, ямар ч байсан хүнд үзүүлэх юмтай…Чи чинь сэтгүүлч хүн. Хэл яриа, асуулт тавихдаа чи хэнээс ч илүү,-гэж Оюун нөхөр рүүгээ бахархсан харцаар харан хэлэв.

-          За тэгвэл Мартаг зовоож байгаа асуултуудыг нааш нь  аваад ир. Е-мэйлээс нь хэвлээд авчихсан биз дээ. Тэгээд хоёулаа тулалдааныхаа төлөвлөгөөг  гаргая,-гээд Өлзий сүртэй нь аргагүй ханцуйгаа шумлан инээв.

Оюун нөхрийнхөө хурдан шийдвэр гаргадаг зан, хүмүүст дандаа сайхан ханддаг чанарыг нь үнэлдэг билээ. Өлзий хэзээ ч, хэнийг ч муугаар хэлдэггүй, хүнийг гаргасан алдаа руу нь чичиж ялладаггүй, уужуухан сэтгэлтэй, нэг үгээр хэлэхэд, жинхэнэ эр хүн. Юмыг гүйлгэн эргэцүүлж бодохдоо хэний ч дор орохгүй.Тамхинаас л гарчихвал өөгүй сайн нөхөр болох гээд байгаа юм гэж Оюун хошигнодог юм.

Оюун Мартагийн мэдэх хэрэгтэй гэсэн асуултуудтай хавтсыг авчирч, Өлзий тэр хоёр уншиж эхэллээ.

-          Эхний бөгөөд хамгийн гол асуулт нь  төрөх эмнэлэг юм байна. Охидууд тэнд төрсөн юм чинь тэндээс л хайх хэрэгтэй.

-          Тэнд очоод юу гэж хэлэх вэ? Чи өөрийгөө яаж танилцуулах юм бэ?

-          Бараг л үнэнийг хэлнэ дээ. Би сэтгүүлч хүн, ямар нэгэн толгой эргүүлсэн түүхийн тухай бичих гэсэн юм гэж хэлэхээс.

-           Ээ дээ чамд ямар ч юм ярьж өгөхгүй л байх даа. Тэгэж хэлсний хэрэггүй байхаа.

-          Чи тэгэж бодож байна уу?

-          Тийм. Өөр нэг юм бодож олъё. Би нэг оролдоод орхие…

Оюун утас шүүрэн вч, утасдаж эхэллээ. Гурван ч удаа залгасны дараа Мартагийн төрсөн төрөх эмнэлгийн боловсон хүчний хэлтсийн утсыг олов бололтой.

- Сайн байна уу? “Эмэгтэйчүүд, цаг үе” сэтгүүлээс ярьж байна. Бид нийслэлийн тэргүүний эмнэлгүүдийн ахмад ажилчдын тухай сонирхож байгаа юм. Нэг газарт гучаас дээш жил ажилласан хүмүүс байх хэрэгтэй. Танай төрөх бидэнтэй ямар нэгэн хүнийг уулзуулж чадах уу?

Утасны цаана ямар нэгэн юм яриад л байв. Оюуны нүд нь том болж:

- Нэг ч хүн байхгүй гэж үү? Асрагч, сувилагч... Үгүй гэнээ? За уучлаарай! гэж хэлээд утсаа тавьлаа.

-          Энэ ч бүтэхгүй юм байна. Өлзий! Чи хэзээ нэгэн цагт хулгайлагдсан хүүхдүүдийн тухай сонсож байсан уу?

-          Нэг их олон жилийн өмнө бишээ. Саяхан юмдаг. Хоёр ч тийм зүйл гарч байсныг чи санаж байгаа биз дээ. Мэдээллийн хэрэгслээр яригдаж л байсан. Харин жаран есөн он гэдэг чинь дэндүү эрт урьдын цаг. Социализмын үе шүү дээ. Тэр үед чинь бүх л хүүхдүүд “нам засгийнхаа мэргэн удирдлагын доор аз жаргалтай төрж, өсөн, сайн хүн болдог” байсан цаг үе.

-          Энэ төрөхийн архив гэж нэг юм байгаа л байх даа.

-           Боловсон хүчний хэлтэст нь л байгаа байх. Хэн надад түүнийг ухахыг зөвшөөрөх вэ дээ.

-          Ямар нэгэн юм бодож ол! Чи чинь манайдаа л  толгойтой нь  биз дээ.

-            Ямар нэгэн заль мэх л тус болно доо.

-          Тийм шүү. Одоо цагт ч  заль мэх л гаарч байгаа биз дээ. Түмэн янзын ойлгомжгүй байгууллагууд, компаниуд, сангууд гээд л. Улсын хараа хяналт гэж байдаг ч юмуу, үгүй ч юм уу?Бугд л дур зоргоороо мөнгө олж байгаа шүү дээ?

-          Энэ замбарааагүй байдлыг л ашиглах хэрэгтэй.

-          Ямар нэгэн тэнэг юм л бодож ол. Тэгвэл л бүтэх байх. Сайн рекламны зарчмаар, за юу!

-          Энэ чинь юу гэсэн үг вэ?

-          Рекламын бизнесийн энгийн хууль. Реклам тэнэг л байх тусам мөнгө их олно гэдэг хууль.

-          Тэнэг юм яриад л явах хэрэг үү?

-          За, за. Үүнийг орхиё. Гол юмандаа л анхааръя. Чи улсын даатгалын байцаагчийн дүрд хувиравал яаж байна?Дээр үед элдэв даатгал хийлгэсэн хүмүүсийн тооцоог  хаах гэж  тэр хүмүүсийг хайж явна гээд? Тэр үед чинь хүмүүс ажлын газрынхаа хаяг нэрээр л байдаг байсан шүү дээ?

-          Нээрээ наадах чинь боддог бодол байна. билээ?Маргааш би улсын даатгалын байцаагчийн дүрээр энэ төрөх рүү очъё… Төрөхийнхнөөс өөр асууж байцаачихаар ямар хүмүүс байгаа  билээ?

-          Бадам эгчийн сайн найз  Тунгалаг байна. Найруулагч Гомбо гэж байсан шүү дээ. Түүний эхнэр. Хоёр охинтой. Тэд нар нь бараг бидэнтэй чацуу. Гэхдээ хоёулаа  гадаадад байдаг гэсэн. Канад, Америкт гэсэн байх.

-          Энэ Тунгалаг  гуай одоо хаана байгаа юм бол?

-          Мэдэхгүй. Бадам эгчийг нас барсны дараа Марта энэ эгчтэй  нэг их удаан холбоотой байгаагүй гэсэн.

-          Хаягийг нь олж болох байхаа.Өөр хэн байна?

-          Бас олон жил Бадам эгчийн нууц амраг нь  байсан Баатар гэдэг хүн байна. Марта л энэ Баатар гуайг ээжийнхээ нууц амраг нь байсан гэж боддог гэсэн. Ээж нь бол охинтойгоо энэ тухай нэг их илэн далангүй байхгүй шүү дээ. Охиндоо их хайртай байсан ч ер нь янз бүрийн нууцаа ярьдаггүй байсан гэнэ билээ.

-           Янз бүрийн илүү дутуу юм ярихаас болгоомжилдог байсан байх л даа. Халаад нууцаа ярьчихна гэж?

-          Харин тийм ээ.

***

Марта цагаа хартал өнөөх Мередит гэгчтэй нь уулзах болчихсон байв. “Зочидын өрөө нь хаана юм бол? Кроуэлын эхнэр өөрийнхөө гэрт төөрч онигоо болох нь ээ”-гэж бодоод инээд нь хүрэв. Коридорт гаруут л Марта Вилгельмтэй тулгарчихав. Тэр түүнийг хүйтэн нүдээр харж байлаа.

-          Чи  шөнөжингөө хоёр нүдээ хөргөгчинд хөлдөөгөө юу- гэж Марта ёжиллоо.

-          Нүдээ биш, зүрхээ,- гэж тэр хүйтнээр хариулав.

“Ямар зэвүүн хүн бэ? Өөрөөсөө хүйтэн ялгаруулдаг хүн шиг л байх юм. Бие нь лав хүв хүйтэн байдаг байх даа” гэж Марта бодов. Гэвч шатны тэнд ирээд тэр Мартад гараа өгөхөд нь үзвэл дулаахан, хуурай, хүчтэй гар байлаа.

“Энэ Вилгельм ихэмсэг ч гэсэн бүсгүйчүүдийг өөртөө татдаг л хүн байна даа”- гэж Марта бодлоо. Өөр нөхцөлд тэр Вилгельмтэй уулзалдсан бол түүнийг байгаагаар нь хүлээж авах байсан байх. Одоо бол үгүй шүү дээ. Одоо бол үзэн ядалттай ойрхон сэтгэгдэлтэй байлаа.

Вилгельм түүний хаашаа явж байгааг сонирхсонгүй. Шатнаас буунгуутаа л нэг том хаалга онгойлгон алга боллоо. Шөнө юу болсон талаар нэг ч үг хэлсэнгүй.

Марта Мередит Кроуэлыг хүү шигээ хүйтэн харцтай, өндөр туранхай эмэгтэй байх гэж төсөөлж  байсан чинь жижигхэн, сайхан биетэй, хүрэн үстэй эмэгтэй байлаа.

Мередит хатан хаан шиг л ихэмсэгээр Марта руу дохиж, түүнийг суухыг хүлээв. Дараа нь болгоомжтойгоор:

- Маргарет! Миний сэтгэл их гутарч  байна. Цаашид ингэж үргэлжилж болохгүй байх. Чи бодох хэрэгтэй. Вилгельм та хоёр салах тухай бодоцгоовол дээр биш үү?,- гэж хэлснээ, болгоомжлолоосоо ичсэн юм шиг эрүүгээ шийдэмгийгээр  дээшлүүлэн: - Филипп бид хоёр мэдээж  чамд нөхөн төлбөр өгөх талаар бодох болно гэлээ.

Марта юу ч ойлгохгүй байлаа. Хүүгээсээ “энэ хүүхнээс сал”- гэж шаардахын  оронд бэрээсээ гуйж  байдаг. Бүр шанг нь өгье гэж байна. Бэр нь нууц амрагтайгаа алга болоод өгч байхад салалт гэдэг чинь зүй ёсны  асуудал биз дээ? Яагаад Мередит ингэж  байгаа юм бол?

Марта энэ байдалд яаж хандах ёстойгоо  мэдэхгүй байсан тул асуудлыг  хүндрүүлэхгүйн тулд юм хэлэхээс айж байв.

-          Би салахыг хүсэхгүй байна,- гэж тэр итгэлтэй хэлэв.

Ихрийн өрөөснийхөө өмнөөс нөхрөөс нь  салах зөвшөөрлийг  өгч яаж болох вэ дээ гэж бодсон хэрэг.

-          Чи тэгээд юу хүсээд байгаа юм бэ?- гэж Мередит сэтгэл нь зовсон шинжтэй асуув.

Марта юу хариулахаа мэдэхгүй байтал, ашгүй Вилгельм  зочдын өрөөнд хар хурдаараа орж ирлээ.

- Уучлаарай! Би та хоёрын яриаг таслах шаардлагатай боллоо. Марго, чи биднийг орхиод гарч байхгүй юу,-гэж тэрээр нөгөөх л зэвүүн хүйтнээрээ хэлэв.

Марта дуугүй босоод, хаалга руу чиглэв. “Бүдүүлэг амьтан бэ?”-гэж монголоор хэлэв.

Марта  хаалганы дэргэд зогсож, өөрийнхөө тухай юу ярихыг нь сонсохоор шиидэв.

-          Энэ юу гээд хэлчихвээ? -гэж Мередит асуув.

-          Яахав дээ.Одоогийн  нууц амраг нь монгол хүн болохоор монголоор л  ярьж байгаа биз? Испани хүнтэй унтдаг байхдаа испаниар  ярьдаг байсныг нь та мэднэ биз дээ? Одоо бас маяглаад  аялгатай ярьдаг болчихож. Эрикээсээ сурсан юм байлгүй...

-          Энэ Эрик...-Мередит ярвайж- Яагаад Маргарет чамайг үргэлж эвгүй байдалд оруулж байдаг юм бэ? Чи яагаад дандаа тэвчээд байдаг юм? Би ер ойлгохгүй юм.

-          Ээжээ, та дахиад л өөрийнхөөрөө зүтгээд эхэллээ. Энэ яриаг орхиё. Нэгэнт л гэрлэчихсэн юм чинь энэ чигээрээ дуусаг.

-          Гэхдээ энэ чинь дандаа л өөр эрчүүдтэй орооцолдож байх юм байна шүү дээ?

-          Яахав дээ тэгээд. Би салахыг хүсэхгүй байна. Үхэл ирж салгах хүртэл бид хамт байна.Та дахиж битгий энэ тухай ярьж бай, гуйя танаас?

Марта цочлоо. “Үхэл салгах хүртэл гэнэ үү? Энэ Вилгельм бүх халдлагуудын зохион байгуулагч юм болов уу?  Өөрөө санаачилга гарган  Маргогоос салж болохгүй тийм нөхцөлтэй гэрлэлтийн  гэрээ хийсэн байдаг юм болов уу? Түүнээсээ болоод алуурчин хөлслөн эхнэрээ хөнөөх гээд байгаа юм болов уу? Тэгээд энэ алуурчдаас нь ихрийн өрөөсөн нь нуугдаж байгаа юм болов уу?”

Мартаг ингэж бодоод, үхтлээ айчихсан зогсож байтал Вилгельм гарч ирлээ. “Өнөө шөнө намайг алах гэж бэлдэж байгаа ч юм билүү? Салъя, би өөрөө санаачилга гаргаж  байна гэж л хэлье. Тэгвэл алахгүй ч байж магадгүй. Харин сэжиг авахуулахгүйгээр л хэлэх хэрэгтэй.”

Вилгельм түүн рүү аажуухан дөхөж ирлээ

-          Чи надад ямар нэгэн юм хэлэх гээ юу?

-          Тиймээ. Сүүлийн үед чи бид хоёр салах нь хамгийн зөв гэж бодогдох боллоо. Салалт гэдэг чинь эвгүй байдлаас гарах гарц биз дээ. Ойлгож байна уу?

-          Яаран шийдвэр гаргах хэрэггүй,- гэж тэр бараг хашгирах шахам хэлээд түүний мөрнөөс барьж, хананд шахан: - Би чамаас хэзээ ч салахгүй ,-гэлээ.

-          Тэгвэл би чамайг албадах болно доо,- гэж Марта хэлээд шатаар гүйх шахам өгслөө.

Ноён Кроуэл шатны дор зогсоод үлдлээ. Тэр Мартагийн араас харж гашуунаар толгой сэгсрэв. Энэ бүсгүй сална гэж өдөр бүр ч ярьж болно. Харин салах яагаад ч боломжгүй. Вилгельм эхнэрээ, тэр хоёрын салж болохгуйн шалтгааныг  мэдэж байгаа, гэхдээ  ингэж  аашлах нь түүний зэвүүн зангийнх байх гэж сэжиглэдэг билээ.

Марта унтлагын өрөөнд орж ирээд, орон дээр унаад өгөв. “Одоо жаахан амсхийж болох байх. Хамгийн гол нь Вилгельм Кроуэл миний салах хүсэлд  итгэсэн, одоо алах гэхгүй байх гэж найдахаас. Түүнийг харахаар л бухимддаг минь ямар учиртайг  одоо ойлголоо. Энэ залуу их ихэмсэг зэвүүн хирнээ даанч сайхан, сэтгэл татам залуу юм. Дөнгөж хараад л миний сэтгэлийн мухарт ийм бодол төрсөн дөө. Уул нь ихрийн өрөөснийхөө өмнөөс  би түүнээс айх, түүнийг үзэн ядах хэрэгтэй байдаг. Гэтэл миний өөрийн сэтгэл болохоор түүнд татагдаад байх шиг. Тэгээд л би хоёр галын дунд орсон амьтан шиг өөрийн эрхгүй “нервтээд” байна даа?” Ийм л хоорондоо  зөрчилдсөн бодлууд Мартагийн толгойд нь эргэлдэж байв.

Ганцаараа, өөртөй нь холбоотой  энэ жигтэй явдлуудын учрыг олж, ганцаараа энэ бүгдтэй тэмцэнэ гэдэг Мартад хэцүү байлаа. “Хэн нэгэнтэй ярьж хуваалцмаар байдаг. Оюун нь Өлзийтэйгээ хол байдаг.  Тэд Монголд болсон үйл явдлуудын учрыг олох гэж, түүнийг сэтгэл санаагаар дэмжиж байгаа. Роберт руу утасдаж, түүнд бүгдийг ярьдаг юм билүү? Тэр юу хийж чадах вэ?” Альбертыг мөн бодов. Хуулиар бол бид хоёрын гэрлэлт хүчинтэй хэвээрээ байгаа. Альберт намайг үхсэн гэдгийг сонсоод яаж хүлээж авсан болоо? Сэтгэлээр унасан байх даа”. Тэгсэн гэдэгт Марта итгэж байлаа. Гашуудаж байгаа Альбертыг төсөөлөөд Марта өшөөгөө авсан мэт сэтгэл нь тэнийв.

Альбертыг юу гэж мартах вэ дээ? Альбертыг бодохгүй байж чадахгүй, бодох тусам л сэтгэл нь хүчтэй өвддөг байсан нь одоо харин багасч байлаа.

Марта өөртөө зуу зуун асуулт тавин суулаа. “Яагаад Мередит хүүгээсээ салбал мөнгө өгнө гээд байгаа юм бэ?  Михаэль намайг “Хөвсгөл далай” зочид буудлаас явсныг хаанаас мэдэв?, намайг яагаад байр хөлсөлсөн газраас олов? Хэрэв намайг мөрдөж байсан юм бол яагаад “миний юмыг” миний өрөөнөөс авалгүй, харин жинхэнэ  Маргарет Кроуэлын юмыг түүний өрөөнөөс авсан байдаг билээ? Михаэль Маргарет хоёр ямар мөрдлөг явуулж байсан юм бол? Маргаретын Монгол руу хамт явсан гээд байгаа тэр нууцлаг Эрик гэдэг нь хэн юм бол? Маргарет  өөрөө хаачив?”

Яагаад ч ганцаараа энэ бүгдийн учрыг олохгүйгээ Марта ойлголоо. Түүнд туслагч хэрэгтэй байлаа. Гэхдээ мэргэжлийн хүн. Мөрдөгч.

Тавдугаар бүлэг

Өлзий өөрийнхөө түлхүүрээр хаалгаа онгойлгон орж ирээд, гутлаа тайлж чулуудан, эхнэрийнхээ байгаа өрөөнд орж ирлээ.

-          За миний найз яав? Нөгөө төрөхөөрөө оров уу?

-          Тэндээс шууд ирлээ.

-          Хэрэгтэй зүйл олдов уу, тэгээд?

-          Би саяных шиг  их худлаа ярьж лав л тавдугаар ангиасаа хойш үзээгүй байх,-гээд Өлзий хөгжилтэй инээв.

-          Тэгээд юу мэдэж чадав аа?- Оюун байж ядаж байгаа нь илт байв.

-          Зөвхөн тэр үеийнх нь эрхлэгчийн хаяг, нэрийг л мэдэж ирлээ.

-          За алив бүгдийг нь ярь!

-          Ярих юм бараг л байхгүй дээ. Төрөхийн ажилтнуудын хувийн хэрэг удаан хадгалагддаггүй юм байна. Төв архивт аваачаад, хэсэг хугацааны дараа устгадаг юм байна. Тэгэхээр төрөхийн ажилтнуудын тухай мэднэ гэдэг бүтэхгүй  нь.

-           Харим тийм ээ. Даанч их хугацаа өнгөрч дээ.

-          Миний олсон энэ эрхлэгчийн нэр, хаяг л одоо бидний гол найдвар болоод  байна. Түүнийг Дариймаа гэдэг гэсэн. Хаяг, утсыг нь ч олсон.

-          Тэгвэл утасд.

-          Эхлээд надад хоол өгөөч дээ. Би өлсөж үхэх нь.

-          Мартаг бод. Тэр ямар байдалтай байгааг сана. Хоолой руу нь юм орохгүй байгаа байх даа. Чи тэгэхэд идэхээ л бодож байдаг.

-          За яахав, ярихаас даа. Энэ Дариймаа гуайгаас надад хоол өгөөч гэж гуйдаг юм билүү. Энэ хүн ч одоо бараг зуун настай байх  даа.

Өлзий утас авч, дугаар эргүүлж эхэллээ. Дариймаа гуай гэртээ байлаа. Тэрээр Өлзийг гэртээ ирэхийг зөвшөөрөв.

Дариймаа гуай сайхан яриа хөөрөөтэй хөгшин байлаа. Далан долоон настай гэнэ. Охин, хүргэн, гурван ачтайгаа амьдардаг аж. Жижигхэн, сэргэлэн, богино буурал үстэй, нүдэнд дулаахан эмээ байв. Өлзий Дариймаа гуайтай мэнд усаа мэдэлцээд, аар саар юм ярьж байснаа ирсэн зорилгоо хэлэв:

-          Гуч гаруй жилийн өмнөх үйл явдлыг танаас тодруулах гэсэн юм. Та харин санах болов уу?

-          Гурван сарын өмнөх явдлыг бол санахгүй байж магадгүй. Харин гучин жилийн өмнөхийг бол саналгүй яахав. Хөгшин хүмүүсийн ой ухаан гэдэг ийм л байдаг юм.   Чи юу сонирхоов?

-           Манай сэтгүүлийн удирдлага эмнэлгийн ахмад ажилтнуудын тухай бичих захиалга авсан юм. Би тэгээд төрөх газруудын тухай бичихээр шийдсэн юм.  Таны ажлыг, танд болон танай төрөхөд тохиолдсон сонирхолтой үйл явдлын тухай сонирхож байна л даа?

-          Яг тодорхой юуг? Чиний толгойд тодорхой нэг юм л байна даа! Ямар нэгэн юм чи дуулсан юм уу?

-          Та яагаад тэгэж бодож байгаа юм бэ?

-          Би телевизор үздэг, сонин уншдаг. Би хөгшин болохоос тэнэг биш шүү дээ. Сэтгүүлч бүр л ямар нэгэн ноцтой зүйлийн тухай бичихийг хүсдэг биз дээ?

-          За яахав. Танд үнэнээ хэлье.  Би ном бичиж байгаа юм л даа. Уран зохиолын ном. Өчнөөн юм бодож олох хэрэгтэй болох юм. Гэхдээ, зарим газарт нь амьдралд тохиолдсон зүйлүүдийг  оруулах хэрэгтэй байх гэж бодоод…

-          Ямар үйл явдлыг сонгож авсан юм бэ?

-          Төрөх газруудаас хүүхэд хулгайлж болох уу? Үгүй бол хүүхдүүдийг солих явдал байж болох уу? Би ийм юм зарчмын хувьд байж болох эсэхийг мэдэх гэсэн юм.

-          Болно л доо. Байна. Чи манай төрөхөөс хүүхэд хулгайлсан гэж сэжиглэж байгаа юм уу?

-          Үгүй ээ, би танд ном бичиж байгаа гэж хэлсэн биз дээ.

-          За хүү минь!  Миний ачийн хэлдгээр битгий чи чихэн дээр минь цэцэг ургуулаад бай.

-   Үгүй ээ, би…

-          Юу ч байсан гэсэн би ийм юмны тухай мэдэхгүй, дуулаагүй. Энэ олон жилийн дараа ирж байдаг чинь сонин байна. Чиний ах, эгчийг хулгайлаа юу?

-          Ийм хэргийн талаар надад ямар ч нотлох баримт, баталгаа байхгүй л дээ.

-          Тэгээд?

-          Танд би нэг түүх ярьж өгье. Гучин таван настай эмэгтэй дөнгөж саяхан л өөрийгөө ихрийн өрөөсөн  гэдгээ мэдсэн байна. Бичиг баримтаас нь үзвэл ихрүүд танай төрөхөд нэг өдөр төрсөн болж таарчээ. Харин ээжүүд нь өөр өөр хүмүүс.

-          Энэ бүсгүйчүүд тэгээд бие биенээ мэдэхгүй гуч гаруй жил явсан хэрэг үү?

-          Тийм.

-          Тэгвэл эхчүүдээс нь л асуух хэрэгтэй юм байна даа.

-          Харамсалтай нь хоёр ээж нь хоёулаа нас барсан.

-          Эцгүүд нь?

-          Эцгийн талаар бол бүр тодорхойгүй.

-          Хэцүү л түүх байна. Чи тэгээд намайг энэ бүгдэд оролцсон, түүнийхээ тухай ярьж өгнө гэж ирээ юу?

-          Үнэнийг хэлэхэд би юунд ч найдаагүй л дээ. Зүгээр л сэтгэлээсээ ярилцахыг хүссэн юм. Таныг ямар нэгэн юм санах ч юм билүү гэж бодсон юм. Нэг ээж нь Германы иргэн байсан болохоор...

-          Тэгээд юу гэж?

-          Жаран есөн онд манай эмнэлгүүдэд гадаадын иргэн төрнө гэдэг нэг их олон тохиолддоггүй л байсан байх. Тэгэхээр санах болов уу гэж бодсон юм.

-          Гадаадынхан манайд төрнө гэдэг тийм ч их онцгой хэрэг биш байсан л даа.

-          Яагаад?

-          Манай төрөхөд гадаадынхан, дарга нарт зориулсан тусгай тасаг байсан юм. Тэгэхээр тэр герман эмэгтэй манайд төрөх бүрэн боломжтой байгаа биз дээ.

-          Тусгай тасаг  гэхээр яадаг эд байхав?

-           Өө, их тохь тухтай, тансаг.  Тасаг бүртээ ганц ганцаараа байна. Хөргөгч, зурагттай. Тэр үед дөнгөж л зурагт гэж шинэ юм гарч ирсэн байхад  тусгай тасаг бүрт байдаг байлаа шүү дээ. Ер нь л тансаг гэсэн үг л дээ.

-          Ихэр хүүхдүүдийн нэгийг нь өөр хүнд өгөөд, эхэд нь нэг хүүхэд төрсөн гэж  итгүүлэх явдал байж болох уу?

-          Болохын хувьд болно л доо.

-          Ингэхэд заавал төрөхийн ажилтнууд оролцох ёстой юу?

-          Тэгэлгүй яахав. Өөр яах билээ. Хэрэв төрөх эмнэлэгт ийм юм болсон бол эмч нар яах аргагүй л оролцсон болж таарна. Гэхдээ ихрүүдийн ээжүүд нь төрөхөөс гарсныхаа дараа янз бүрийн юм найруулсан байж болно шүү дээ? За яахав…Би чамд тэр үеийн ажилтнуудын нэрсийг өгч тусалж чадах байна. Би асрагч, сувилагчуудыг бүгдийг нь санахгүй  байх л даа. Гэхдээ яахав.Тэднээс асуугаад үз.  Харин тэднийг оролдсон эвгүй зүйлүүд сонин хэвлэлд  бичихгүй байхыг л сануулъя. Ингэвэл муухай шүү.

-          Яалаа гэж, би иймэрхүү юм юу ч бичихгүй гэдгээ танд амлаж байна. Энэ бол зүгээр л хувийн асуудал шүү дээ?

***

Хувийн мөрдөгч Херман Хоннекер өөрийн туслахаа эрт явуулав. Түүний туслах Карл нь гэртээ үр бүтээлтэй ажилладаг билээ. Херман нүдээ анин ирээдүйнхээ тухай тааламжтайхан бодов. Ямар ч байсан хоолны мөнгө гэж санаа зовохгүйгээр л мөнгөтэй боллоо. Хэрэв мөрдөгчөөр цаашдаа ажиллавал зүгээр л дуртай үедээ сонирхолтой хэрэг дээр ажиллана уу гэхээс мөнгөний хойноос гэж улайрахгүй л  мөнгө хийж чадлаа гэж бодов.

Доор хаалга дуугарлаа.  Херман биеэ цэгцлэн, үсээ самнаж, хүн орж ирэхийг хүлээлээ. Тэрээр хорин есөн настай бөгөөд, сайн сэтгэл судлаач, сайн жүжигчин билээ. Өөртөө итгэлттэй, сайхан зантай төрх нь үйлчлүүлэгчдийг амархан татаж, амжилттай ажиллах нөхцөл болж өгсөн. Нүдний шилээ хийн, үзгээ шүүрч аваад, хичээнгүйлэн бичиж эхэлтэл хаалга тогшив.

-          Ор ор.

Хаалга аяархан онгойж,  шийдэмгий байдал нь нүдний нь харцтай зөрчилдсөн залуу эмэгтэй орж ирлээ. Харц нь эргэлзсэн байдалтай ажээ.  Бага зэрэг эрлийз царайтай, сайхан биетэй энэ эмэгтэй хар платье өмсөж , ямар ч гоёл чимэг зүүгээгүй байлаа.

Херман босож, түүнийг суухыг урьлаа.

-          Та хувийн мөрдөгч үү?

-          Тийм, танд юугаар тусалж болох вэ?

-          Би хүнд байдалд орчихоод байна.

-          Танд тусалж чадна гэдэгтээ найдаж байна.

-          Миний асуудал....  Би...

-          Би таныг сонсоход бэлэн байна.

Херман энэ эмэгтэй маш их эргэлзэж байна даа гэж бодлоо. Уул нь ярьмааргүй байгаа боловч, өөр гарцгүй болоод л түүн рүү ирээ дээ. Херман түүний ярьж эхлэхийг хүлээж, түүнд  түлхэц болохуйц царай гарган уриалгахан бөгөөд зөөлнөөр инээмсэглэлээ.

-          За яахав. Ярья. Саяхан намайг машин мөргөөд би ухаан алдаж унасан юм.

-          Харамсалтай байна.

-          Энэ Монголд болсон явдал. Ухаан ороод би юу ч санахгүй байгаагаа ойлгосон.  Би хэн юм бэ?, яагаад энд байгаа юм бэ?, ямар хүмүүс миний ойр дотныхон юм бэ? гэх мэтийг юу ч санахгүй байна. Би бүх зүйлийг ийм байх ёстой юм шигээр л хүлээн авч байна. Товчхон хэлбэл би юу ч санахгүй байгаагаа хэнд ч мэдэгдэхийг хүсэхгүй байна.

-          Миний үүрэг?

-          Намайг миний амьдралд оруулж өгөх. Би юу ч мэдэхгүй, санахгүй байна. Миний эргэн тойрныхон бүгд л танихгүй хүмүүс шиг санагдах юм.

-           Би эхлээд нэг зүйлийг шалгах ёстой. Та өөр хүний дүрд тоглохын тулд тэр хүнийхээ тухай мэдээлэл цуглуулах гэж байгаа юм биш биз гэдгийг. Хэрэв та ямар нэгэн залилан хийх гэж байгаа  бол танд тусалснаараа би таны холбоотон болох болно шүү дээ. Өөрийгөө өөр хүн гэж итгүүлэх нь хууль бус хэрэг.

-          Тийм үү?-гэж эмэгтэй асуулаа. Энэ асуултанд цөхрөл, айдас цухасхийгээд өнгөрлөө. -Гэхдээ би өөрийгөө өөр хүн гэж итгүүлэх гээгүй байна. Үүнийг амархан шалгаж болно. Яагаад гэвэл миний эргэн тойрон байгаа арваад хүн цөмөөрөө  андуурна гэж байхгүй биз дээ. Та юу гэж бодож байна?

-          Тэгвэл ой ухаанаа алдсанаа тэднээс нуух ямар үндэс танд байгаа юм бэ? Дор хаяж нэгэнд нь л хэлэхэд танд тусална шүү дээ.

-          Би хэнд нь итгэхээ мэдэхгүй байна. Нөхөр бид хоёрын хооронд ямар нэгэн юм болоод ч байгаа юм шиг. Юу болж байгааг мэдмээр байна. Би ямар ч байсан, юу хийдэг байснаа мэдмээр байна. Миний найз нарыг хэн гэдгийг, тэд хаана амьдардгийг мэдмээр байна. Би  банкинд мөнгөтэй юу, үгүй юу? Миний чухал бичиг баримт хаана байдаг юм бол?

-           Амаргүй л  ажил байна даа.

-          Гэхдээ л боломжгүй биш биз дээ. Би танд туслах болно.

-          Өөрийнхөө тухай мэдээллийг захиалж байгаагаараа та өөрийгөө эрсдэлд оруулж  байна гэдгээ та бодож үзсэн үү?

-          Яагаад?

-          Миний туслах Карл бид хоёр ийм мэдээлэл цуглуулахыг “хар цуглуулга” гэдэг юм.

-          Та юу хэлж байна вэ? Яагаад хар гэж?

-          Иймэрхүү зүйлд бараг л заавал таны эсрэг материалууд гарч ирнэ. Энэ материалыг   сүрдүүлгэнд хэрэглэж  болдог.

-          Та сүрдүүлэгч юм уу?

-          Үгүй л дээ. Харин мэргэжлийн хүний хувьд танд хэлэхэд...

-          За яахав. Би буруу бодсон шиг байна. Сэтгэл зүйч рүү л явах хэрэгтэй  болж байх шиг байна.

-          Та нээрээ эмчид хандах нь уу?

-          Таны зөвлөлгөөг сонсвол тэгэх хэрэгтэй юм шиг байна.

Энэ эмэгтэй босож, түүн рүү нэг сайн харснаа, баяртай гээд гарлаа.

Энэ эмэгтэйг булан тойрч амжаагүй байхад л Херман “Мөнгөний хойноос улайрах  хэрэггүй гэж бодож байгаа минь  ямар хамаа байнаа. Энэ  их сонирхол татсан эмэгтэй  байна. Энэ түүхийн үргэлжлэлийг сонсохгүй бол харин харамсаад барахгүй байх.” гэж бодлоо.  Тэгээд араас нь гүйн гарав.

***

Михаэль замд гарахаар бэлдэж, цүнхэнд хувцас хунар ойр зуурын юмаа цуглуулж хийв. Энэ аялал юу авчирдаг бол доо гэж санаа нь зовж байв.

Маргарет Кроуэл түүнийг гайхшруулж байлаа. Түүний нөхөртэйгээ харьцах харьцаа нь зүсэн бүрээр хувирдаг байсан боловч одоо харин Михаэлийг хүртэл ангайлгаж байв. Өмнө нь Марго нөхөртөө ялдам хандахыг оролддог байсан бол одоо  энэ гэрт нэг сонин харьцаа үүсчихээд байв.

Өмнө нь Вилгельм  нөхөр хүний үүргээ гүйцэтгэхийг ердөө ч хүсдэггүй, Маргарет нь янз бүрийн эрчүүдтэй холбоо тогтоогоод явдаг байлаа. Энэ олон эрчүүдийн нь хамгийн муу нь энэ саяны Эрик – Эрдэнэ гэгч байсан байх.

Клаудиа Бекхем гэдэг нууцлаг эмгэн “тайзан дээр” гарч ирэхээс өмнө эдний амьдрал ийм л байсан юм.  Энэ  настай эмэгтэй Маргог Монгол руу алга болохын өмнө утасдсан билээ. Михаэль энэ өдрийг маш сайн санаж байлаа... ...Марго утсаа тэвчээртэй  чагнаж, яагаад заавал нүүр нүүрээрээ  уулзъя гэж  шаардаад байгааг ойлгохыг хичээж байв.

-          Михаэль, би нээрээ аймаар догдолж байнаа, гэж тэр үед Марго хэлсэн юм.

-          Төсөөлж байна.

Утасны ярианаас дараах зүйл тодорхой болсон юм. Энэ Клаудиа Бекхемын охин, хүргэн хоёр нь  ууланд авирч байгаад  азгүй тохиолдлоор амиа алдсан байна. Тэдний юмыг янзалж байсан эмгэн хуучин захидлууд олжээ. Энэ захидлууд Индра Митчеллийн хүүхдүүдийн сонирхолыг татах ёстой ажээ. Утсаар өөр юу ч хэлэхгүй гэж тэр эмгэн хэлсэн юм. Индра Митчелл бол Маргогийн  ээж нь билээ. Монгол гаралтай Францын иргэн ээж нь аавтай нь Германд танилцаж, гэр бүл болон Германы иргэн болсон билээ.

-          Би дахин энэ Клаудиа Бекхем рүү утасдаж, үнэ тохироод орхиё. Чи яваад ээжийн захидлуудыг аваад ир!

-          Ингэж  болохгүй ээ, Марго! Захидалд юу ч  байгаа юм билээ? Хэрэггүй зүйл байвал яах юм бэ?

-          Михаэль, би чамд итгэж байна. Яваад, газар дээр нь шийдчих. Энэ эмгэний хүсээд байгаа мөнгөний үнэд хүрэх нь үү, үгүй юу гэдгийг чи өөрөө шийд. Ямар нэгэн аймаар нууц ч байгаа юм билүү?

Маргааш нь Марго руу орж ирээд Михаэль шал өөр хүнийг олж харлаа. Маргогийн царай нь цайж цонхийн, бодолд орсон байлаа.

-          Чиний бие чинь зүгээр үү?

-          Зүгээр.

-          Онцгүй харагдаж байна. Чи Клаудиа Бекхем рүү утасдаа юу?

-          Утасдсан. Чи түүн рүү яв. Тэр чамайг хүлээж байгаа.

-           Их мөнгө нэхэж байна уу?

-          Гайгүй ээ,тэвчиж болохоор. Май, энэ чекийг аваачаад өгчих.

-          Болиоч дээ. Чи юу худалдан авч байгаагаа ч мэдэхгүй байж?

-          Мэдэж байнаа. Тэр надад хэлсэн.

-          Юу гэдгийг би мэдэж болох уу?

-          Одоо үүнийг яриад яах вэ? Дараа ярилцъя. Тэгээд ч надад чиний тусламж хэрэгтэй болох байх.

-          Чи үүнээс болоод сэтгэлээр унаа юу? Тэр солиотой эмгэн чамд юу гээд хэлчихвээ?

-          Тэгсэн. Гэхдээ тэр эмгэн солиороогүй.

-          Надад хэлэхгүй байгаа чинь дэмий хэрэг.

-          Уучил, Михаэль! Одоо энэ тухай ярихад би  бэлэн биш байна. Битгий гомдоорой.  Чи тэгээд хэзээ явж чадах вэ?

-          Хурдан явбал, хурдан л эргэж ирнэ биз дээ.

-          Харин тийм.

-          За тэгвэл би явж юмаа бэлдлээ. Тэгээд шууд явъя даа.

-          Баярлалаа, Михаэль. Хурдан ирээрэй.

Гэвч Михаэль арав хоногийн дараа л  ирсэн юм. Захидлуудыг ч авчирч чадаагүй. Түүнийг очихын хооронд уй гашууд автсан эмгэний бие нь муудан эмнэлэгт хэвтсэн байлаа. Эмнэлэг дээр нь очиход эмгэн юу ч ярих тэнхэлгүй байлаа. Энэ тухай Маргарет сонсоод  бүр сэтгэлээр унаж Михаэльд  дараах зүйлийг ярьсан юм.

- Манай гэрийн түүх л энэ захидлуудад байгаа гэсэн. Энэ эмгэний охин Кэтрин нь миний ээжийн найз байсан юм. Намайг арван настай байхад ээж маань осолд  орж  нас барсан.  Кэтрин нөхөрт гараад өөр хот руу явсан ч ээжтэй захидлаар харьцдаг байсан юм. Их урт урт захидлууд бичиж, бүх л баяр, гуниг гээд л ёстой долоон булчирхайгаа бие биендээ тоочдог байсан гэсэн. Ээж маань нэг хүнд зөндөө их дурлаж байсан байгаа юм.  Товчхон хэлэхэд Фридрих Митчелл бол миний жинхэнэ эцэг биш гэнэ.

Михаэль Марго руу босч  очиж, түүний мөрөн дээр гараа тавив. Тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа.

-          Энэ захидлуудад  миний жинхэнэ эцгийн тухай байгаа гэсэн. Тэгээд л би  тэдгээрийг худалдаж авах гэсэн юм. Тэр хөгшин надад эцгийн минь нэрийг нь хэлээгүй, зүгээр л зураач байсан л гэж хэлсэн. Би ийм юм сонсчихоод аавтайгаа харьцахад ямар хүнд байна гээч. Чамайг явчихсан байхад би хэд хэдэн удаа аавтай тааралдаад, яг л тэнэг хүн шиг харьцсан. Аав ямар нэг зүйл сэжиглээд ч байгаа юм шиг. Би нүднээс нь далд ормоор байна.

-          Чи амралтанд  явбал яасан юм?

-           Харин тийм ээ .Би ч бас ингэж бодоод л байна. Клаудиа Бекхемийг гайгүй болохоор нь  чи захидлуудын хойноос яваарай. Намайг яваад өгөхөөр чи зүгээр суугаад байж болно гэж бодож болохгүй шүү. Ямар нэгэн зүйл олж мэдэхийг л хичээгээрэй. Эмгэн нас барчихвал яана. Би миний жинхэнэ эцэг хэн бэ гэдгийг мэдмээр байна.

-           Санаа зоволтгүй ээ. Би чамд туслахад бэлэн байна. Харин чи одоо амар. Маргааш хоёулаа бүгдийг нухацтайхан шиг зөвлөн ярилцъя.

Марго толгой дохилоо.

Гэртээ ирээд Михаэль усанд орж, хувцасаа солиод утас цохилоо.

- Сайн уу? Эдвард! Чамд чухал зүйл хэлэх шаардлагатай боллоо. Тиймээ, энэ манай хэрэгт хамаатай. Би яг одоо очиж болох уу?

Зургаадугаар бүлэг

-          Оюун аа! Би төрөх эмнэлгийн тухайд  ямар ч ашигтай зүйл олсонгүй дээ. Дариймаа гуайн зааж өгсөн хүмүүс нэг бол зөнөглөсөн, үгүй бол нас барсан байна.

-          Зарим нэрийг нь  яагаад фломастераар дарсан байгаа юм бэ?

-          Нас барсан хүмүүс. Гэхдээ тэдний төрөл төрөгсөдтэй нь уулзах хэрэгтэй гэж бодож байна. Ямар нэгэн юм сонссон байж магадгүй. Гэхдээ юу л бол.

-          Цаашдаа яах вэ? Бадам эгчийн танилуудыг нь асуух уу?

-          Хамгийн гайгүй хүн нь Бадам эгчийн нууц амраг нь байсан Баатар  гуай л байх шиг байна. Тэр хүн жаран таван настай. Эхнэр нь нас барсан. Охин нь тусдаа амьдардаг гэсэн.

-          Найз  Тунгалаг нь бас байгаа...

-          Тэр Тунгалаг бол бидний хоёр дугаар  боломж. Нөхрөөсөө салсан гэсэн. Охидууд нь гадаадад байгаа гэл үү?

-          Тийм. Марта энэ эмэгтэйг их сайн хүн гэж байсан.

-          Хоёулаа энэ хүн рүү хамтдаа очъё. Чи эрх биш  Мартагийн хамгийн сайн найз нь байна чамд арай өөрөөр хандах байлгүй?.

Гэвч ямар ч чин сэтгэлийн яриа өрнөсөнгүй.  Тунгалаг гуай Шаргаморьтод хувийн байшиндаа амьдардаг ажээ. Давгүй, сайхан байшин байлаа. Өөрөө ч  Тунгалаг гуай  сайхан харагдаж байв. Жаран настай гэж хэн ч хэлэхээргүй ажээ.

Өлзий, Оюун хоёр энэ хүнд  бүх үнэнийг ярьж, шууд асуултуудаа тавина гэж  шийдсэн байлаа. Энэ хүн бол Бадам эгчтэй хамгийн их холбоотой байсан,  хамгийн сайн найз нь гэж  Марта хэлсэн билээ. Мартагийн зургийн альбомонд хоёр сайхан бүсгүйн зураг хүндтэй байрыг эзлэн байдаг байсныг Оюун сайн санаж байв. Ийм сайн найз нь энэ түүхийг мэдэхгүй байна гэж байхгүй дээ.

-          Марта юу? Бадамын охин нь уу? Би юу гэж тэр охиныг мартах вэ? Манай охидуудтай тоглож өссөн юм. Бараг л төрсөн охин шиг минь байсан.

-          Юу ч  гэж эхлэдэг юм билээ дээ... Марта саяхан Германд өөрийнхөө ихрийн өрөөсөн байдгийг мэдээд...

Ингэж хэлэнгүүт л Тунгалаг гуай нуруугаа цэх болгон, сандалныхаа түшлэгийг налан  хамаг бие нь хөшсөн юм шиг  болон нэг хэсэг  дуугүй суув.

-          Яаж Марта мэдсэн байх вэ? Хэн түүнд хэлэв?

-          Хэн ч биш. Бүх зүйлс тохиолдлоор болсон. Марта хэдэн жилийн өмнө герман хүнтэй суугаад тэнд очиж амьдрахаар явсныг та мэдэж байгаа юу?

-          Үгүй. Манай охидууд гадаадад амьдрахаар явснаас хойш Марта бид хоёр бараг харьцаагүй. Насны ялгаа гэж байна шүү дээ. Бид бие биендээ маш сайн ханддаг ч үргэлж харьцаад байдаггүй л дээ. Тусламж хэрэгтэй бол би минут ч эргэлзэлгүй  шууд л бэлэн байдаг байсан.

-          Одоо л яг Мартад тусламж хэрэгтэй байна. Ямар учраас ихрийн өрөөснөөсөө салсан юм бол? Жинхэнэ эцэг эх нь хэн юм бэ? Гэр бүлийн энэ будлианаас болоод түүнд том асуудал тулгараад байна. Ийм учраас Марта өөрөө ирж чадаагүй.

-          Ирээгүй нь яамай даа. Мартад татгалзах надад хэцүү байх байсан.

-          Татгалзах аа?

-          Тиймээ. Яагаад гэдгээ тайлбарлая л даа:

-          Би Бадамыг нас барахын өмнө Мартад юу ч хэлэхгүй гэж тангаргалсан юм. Би сайн найздаа тангараг өргөснийг ойлгож байна уу?Тиймээс, үүнийгээ зөрчиж, Мартад юм ярьж  чадахгүй болоод байна.

-          Гэвч одоо байдал өөрчлөгдөөд  бүх  юм мэдэгдчихээд байна шүү дээ. Та үүнд ямар ч буруугүй, та тангаргаа зөрчөөгүй, та Мартад юу ч хэлээгүй… Марта одоо Бадам  эгчийг өөрийнхөө төрсөн ээж биш гэдгийг өөрөө мэдчихээд байна.  Марта зөвхөн юу болсныг ойлгохыг л хүсч байгаа юм,-гэж Өлзий  намуухан дуугаар хэлэв.

-          Би юу ч ярьж чадахгүй. Зүгээр л чадахгүй. Би амласан... Та нар ойлгохгүй л дээ. Бадам бид хоёр яг эгч дүүс шиг байсан юм.

-          Тэр тусмаа та Мартаг ойлгож туслах ёстой биш үү? Жаахан ч болтугай  ямар нэгэн зүйл хэлээч дээ. Бадам эгч Мартагийн жинхэнэ ээжтэй ямар холбоотой байсан юм бэ?-гээд Оюун Тунгалаг гуай руу горьдонгуй харав.

-          Намайг битгий албадаад бай. Улам л муу юм болно шүү,-гээд  цаадах нь “гүрийв”.

-          За, яахав. Та тэгвэл биднийг, энэ түүхийг бас мэддэг өөр нэгэн тангараг өргөөгүй хүнтэй танилцуулаад өгөөч.

-          Энэ хэрэгт  оролцогчдын тухай хэнд ч хэлэхгүй гэж би эхний ээлжинд тангаргалсан. Хэзээ ч, хэнд ч.

-          Ямар ч байсан ийм хэрэг гарч,  Марта хохирсон юм байна даа.

-          Хөөрхий минь. Би түүнийг өрөвдөж байна. Ойлгож ч байна. Та нар түүнд Бадамыг битгий үзэн ядаарай гэж дамжуулаарай.Түүнийг үзэн ядвал  шударга бус юм болно.

-          За за,тэгэлгүй яахав...

Өлзий, Оюун хоёр машиндаа суугаад бие бие рүүгээ харав.

-          Тунгалаг гуай өөрийнхөө тангарагнаас болоод юу ч ярихгүй байгаа гэдэгт чи итгэж байна уу? Оюун аа!

-          Чи...?

-          Тунгалаг гуай өөрөө энэ хэрэгт хамгийн гол үүрэг гүйцэтгэж оролцсон болоод айгаад байх шиг байна.

-          Магадгүй л юм. Бадам эгч ямар нэгэн хэлцэл хийж, түүнийг нь биелүүлэхэд Тунгалаг гуай тусалсан байх... За одоо ч ганц Баатар гуай л үлдэх шив дээ. Энэ хүн бас энэ хэрэгт оролцсон бол юу ч ярихгүй байхдаа? Үгүй бол юу ч мэдэхгүй  юм болов уу?

-          Ямар нэгэн юм мэдэх л ёстой доо, эрх биш өчнөөн жил нууц амраг нь байсан юм чинь?

-          Нэг дэх өдөр  Марта утасдах ёстой. Бид хоёр шуурхай холбоо барьж байхаар тохиролцсон юм. Тэр ямар нэгэн юм олж мэдсэн  байж  магадгүй.

-          Энэ бөөрөнхийлсэн утас шиг зүйлийн учрыг хоёр үзүүрээс нь тайлбал хэрэгтэй л байна. Мэдээж хамаг үнэн нь утасны үзүүрт биш, голд нь л байж таараа  шүү дээ гэж Өлзий хэллээ.

Өлзий энэ утасны үзүүрээс аль хэдийн татаад, бүх утсыг хөдөлгөөнд оруулчихаад байгаагаа хэрхэн мэдэх билээ... Зарим нэгэн хүнд энэ нь таалагдахгүй байгааг  бүр ч яаж мэдэх билээ.

***

Марта өглөө  дөнгөж  босоод байтал хаалга тогшив. Энэ хүнийг харангуутаа Марта цочисхийв. Энэ бол өчигдрийн хувийн мөрдөгч байлаа. Энэ хүнийг ирнэ гэж Марта төсөөлөө ч үгүй байсан юм.

-          Ноён Хоннекер уу?

-          Та тайвшир, бүх юм зүгээр. Зүгээр л би танд туслахаар шийдлээ. – Тэр өөрийнхөө үнэн хэлж байгаа гэдгийг батлах гэсэн мэт нүдний шилээ аван, Марта руу харан инээмсэглэж: - Таны захиалгыг биелүүлэхээр шийдлээ. Сүрдүүлгийн тухай ярьж таныг нэг их айлгаагүй гэдэгтээ найдъя.

-          Нэг их айлгаагүй ээ? Та намайг шоконд оруулсан шүү дээ? – Марта Хоннекерийг туслахаар ирсэн гэдэгт итгэж байвч, эргэлзээ нь арилахгүй л байлаа.

“Энэ хүн анхны уулзалтаар өөрийгөө өөр хүн гэж хүмүүст итгүүлэх нь хууль бус  үйлдэл гэж хэлсэн. Эвгүй явдалтай учрахад бэлэн байдаг хүмүүсийн нэг шиг л байна. Үгүй яахав, давгүй л хүн юм.” гэж Марта бодлоо. “Энэ хүнд хандсанаараа би ямар ч юмыг тайлж чадахгүй, харин дахин нэг толгойны өвчинтэй болох юм болов уу? Энэ хүний тусламжаас татгалзах уу? Энэ хүн миний эсрэг материал цуглуулахгүй гэсэн баталгаа хаана байна ? Миний ч биш л дээ. Маргогийн эсрэг. Ямар нэгэн хууль бус зүйлтэй учрангуутаа цагдаа руу гүйвэл яах вэ? Эсвэл намайг нээнтэглэн сүрдүүлбэл? Ер нь л энэ хүнийг өөрөөсөө холдуулъя. Яаж? Хөлсөлж  аваад ямар нэгэн жижиг сажиг зүйл хариуцуулах уу? Үгүй бол Монгол руу явуулдаг юм билүү? Энэ ч боддог л бодол байна шүү.”

“Хэрэв миний толгойд хичнээн их заль мэх нуугдаж байгааг энэ эмэгтэй мэдсэн бол ингэж баярлахгүй л байсан байх даа. Энэ эмэгтэй ямар нэгэн юм нуугаад байна. Би ямар ч байсан юу нуугаад байгааг нь мэдэх л болно.”- гэж  Херман Хоннекер бодож байлаа.

***

Карл бол Херман Хоннекерын “баруун гар” нь билээ. Тэрээр намхан, жижигхэн, нүүрний баясгалантай залуу байлаа. Марта, Карл хоёр байнгын холбоотой байлаа. Мартаг хамгийн их зовоож байгаа асуудал нь төрөл төрөгсөдтэйгээ  яаж харьцах вэ?гэдэг л байв. Тодорхой бус юм зөндөө. Марта Вилгельм Кроуэлын  эцэг, бас өөрийнхөө эцгийг хараагүй л  байлаа.

Зургийг нь өдөр бүр хэдэн цагаар  харж байгаа түүний жинхэнэ төрсөн  ээж нь хорь гаруй жилийн өмнө нас барсан байв. Тэр үед тэр маш залуухан, ид цэцэглэх насандаа байжээ. Машины осол. Ээжийг нь Индра  Митчелл гэдэг байжээ. Тэрээр уй гашуу болсон нөхөр, арван настай охин Маргогоо орхиод одсон байв.

-          Аав чинь танд  маш их хайртай,- гэж Карл хэлэв.

“Надад бишээ, тэнэг мөрдөгч минь. Маргарет охиндоо, хайрлаж өсгөсөн охиндоо хайртай”- гэж Марта дотроо бодож байлаа.

-          Аав чинь одоо ч гэсэн  бизнесээ идэвхтэй  хийж байгаа. Урьд нь түүний   сонирхол нь урлагийн бүтээл байсан бол, одоо тэр хүйтэн зэвсэг сонирхдог болсон байна. Гэхдээ тэр маш зөөлөн хүн. Таны гэрлэлтийг шууд л дэмжсэн. Кроуэл бол бараг л Герман даяар  алдартай  элит гоонь эр байсан. Тэр ойрын жилүүдэд гэрлэхгүй гэж  албан ёсоор мэдэгдэж байсан ч, гэнэтхэн таныг  гуйж эхнэрээ болгосон.

-          Анхны харцаар дурласан юм болов уу?

-          Би үүнийг судалж амжаагүй  байна.

Карл, Фридрих Митчеллын хэд хэдэн зургийг түүнд үзүүлэв. Марта эцэгтэйгээ уулзахаас айж байлаа.Түүний  хайр, энхрийллээс нь айж байлаа. Марта хууль бусаар хайрлуулахыг хүсэхгүй байв. Харин,гэр бүлийн,эцгийн, өөрийн овгийн эрхээ олж авахыг  л хүсч байв.

“Яагаад би ийм байдалд орсон юм бол?  Намайг нялх байхад тэрэгнээс минь хулгайлчихсан юм болов уу?” Марта номын санд очиж, 1969 оны есдүгээр сарын сонингуудыг үзэхээр шийдлээ. Ямар нэгэн зүйл олж мэдэх боломжтой ч Индра  байж мэдэх юм. Энэ ажлыг Карлд даалгаж болохгүй. Хэрэв тэр сонингуудаас Митчелл, Улаанбаатар хотод хоёр ихэр хүүхэд төрүүлжээ гэсэн мэдээлэл  олдох юм бол Карлын босс нь хоёр тоолохын хооронд л учрыг ойлгох болно, тэгээд цагдаад хандах болно шүү дээ?

Кроуэлынхэн Герман улсыг бүхэлд нь хэрсэн зочид буудлуудын томоохон сүлжээг эзэмшдэг бөгөөд  Мюнхенд  бол хамгийн үнэтэй, тансаг хэд хэдэн  зочид буудалтай гэдгийг Карл  хэлэхэд Марта “Бурхан минь, Вилгельм бол ёстой атаархмаар сайхан нөхөр байна шүү дээ. Яагаад Маргарет өөр хүмүүс рүү татагдаж, тэднийг илүүд үзээд байдаг юм бол?” гэж бодов.

Марта Маргаретийн орон зайг бага багаар эзэлсээр байлаа. Тэр түүний шүүгээнд хувцсаа хийж, түүний “Порше”-г унаж, түүний нэрээр дуудахад өөрөө юм шиг эргэн харж байлаа.Маргарет,Михаэль хоёр ямар мөрдлөг явуулж байгааг мэдэх юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн сэм сэмхэнээр байшингийн өнцөг булан бүрт нэгжлэг хийж, бичиг баримтуудыг ухсаар байв. Гэсэн ч одоохондоо үр дүн гараагүй л байлаа.

Архив руу явсан нь ч үр дүнд хүрсэнгүй. Тэнд зөвхөн 1969 оны есдүгээр сард Митчеллынхэн охинтой болов гэсэн нэг л мэдээ байв. Нэг л охин. Сонины хуудсанд халзан толгойтой нялх охины зургийг тавьсан байлаа. Монголд төрсөн гэдгийг ч мэдээлсэнгүй.

Мартагийн сэтгэл тайвшрахгүй байлаа. Тэрээр их айж байв. Өөрийг нь Монголд мөрдөж,   байн байн алахаар  халдлага хийж  байсныг үргэлж санан, одоо энэ Мюнхенд тийм явдал дахин үргэлжлэх вий гэж айж байлаа. Мартаг хаана байгааг илрүүлэхэд тийм ч төвөггүй биз дээ, тэдэнд. Гэтэл одоог хүртэл чимээгүй л байх шиг байна. Тэр үзэгдэхгүй байгаа дайсан нь оновчтойхон ганц л цохилт өгөхөөр бэлдэж байж магадгүй шүү дээ. Марта одоо болтол хар дарж зүүдлээд байгаа бөгөөд тэр зүүдэнд нь хүйтэн нүдтэй, алчуур барьсан нөгөө залуу байнга үзэгдэнэ. Заримдаа “Испанийн шөнө” үнэртэй усны үнэрийг мэдрэх шиг болдог билээ.

Өглөө босоод Марта, Вилгельм өдөртөө юу хийж  явдгийг мэдэж өгөөч гэж Карлаас гуйв. Марта Вилгельмийг бизнесийнхээ ажлыг л хийж байгаа, өөр ямар нэгэн аюултай юм хийгээгүй гэдэгт итгэлтэй байхыг хүссэн юм. Эхний үед Марта Маргаретийн нөхөртэй эхнэр нөхрийн хувьд харьцана гэдгээс айж байсан ч, удалгүй тэр хоёрын хооронд ямар ч тийм харьцаа байхгүй, хамтдаа унтдаггүй нь мэдэгдсэн. “Тэд гэрлээд дөнгөж нэг жил болсон байдаг. Вилгельм болохоор одоо ч гэсэн дурласаар байгаа юм шиг, салахгүй, сарнихгүй гээд байдаг. Тэгсэн мөртлөө хамт унтах нь битгий хэл, бие биендээ ч хүрэхгүй байх юм. Мөн Маргарет Эрик гэдэг нууц амрагтай, түүнтэйгээ хамт Монгол руу явчихсан байдаг.”  гэж  Марта гайхширсаар байлаа.

Гэв гэнэтхэн Фридрих Митчелл утасдаж, түүнийг “миний охин” гэж нэрлэн, цагийн дараа цэцэрлэгт хүрээлэнд уулзъя гэв. “за баларлаа, намайг охиныгоо биш байна гэж таньвал яана аа?”, гэж Марта сандрав. Гээд одоо яая гэхэв, уулзахаас.

Ашгүй ойр хавьцаа нь нэг л цэцэрлэгт хүрээлэн байсан бөгөөд түүнийг л хэлж байгаа байх гэж  бодон тийшээ явлаа. Дөнгөж гол хаалгаар оронгуутаа л Марта эцгийгээ танилаа.  Тэр гартаа цэцэг барьчихсан нааш цааш алхаж байв. Зургийг нь үзээд л ийм хүн байдаг байх гэж төсөөлж  байсантай нь адилхан хүн байлаа.  Нэг их өндөр ч биш, дунд зэргийн нуруутай эцэг нь сайхан инээмсэглэн түүнийг тэвэрлээ.

“Би түүнд тэврүүлэх эрхтэй. Би ч бас  охин нь шүү дээ. Цусан төрлийг  яаж ч чадахгүй биз дээ” гэсэн бодол толгойд нь орлоо.  Нулимс нь их ойрхон байсан ч Марта уйлсангүй. Танихгүй хүн, танихгүй үнэр... Харин Маргаретийн хувьд бол хүүхэд ахуйн нь үнэр шүү дээ.

Духных нь үсийг хойшоо болгон, толгойг нь илэнгээ эцэг нь энхрийлсэн өнгөөр:

-          Охин минь дээ! Зөндөө удаан уулзсангүй. Би бүр сэтгэл зовж байлаа гэв.

-          Би зүгээр ээ. Харин, та...?

Фридрихийн үс бүр буурал юм. Тэр үргэлж инээмсэглэж байв.    Инээмсэглэхэд нь нүдийг нь тойрон түмэн үрчлээ тодорч, энэ нь түүнийг улам сэтгэл татам  болгож  байх шиг  санагдав.

-          Хоёулаа дэлгүүрээр явах уу? Гайгүй сайхан юм тааралдаж, хоёулаа Эленд бэлэг авчих ч юм билүү?

“Элен гэж бас хэн юм бол? Ядаж хэдий хэрийн настай юм болдоо? Үнэртэй ус авъя гэж хэлтэл нөгөө Элен нь дөнгөж өлгийтэй нялх амьтан  байвал яана?”

-          Үнэнээ хэлээрэй, охин минь. Вилгельм та хоёрын амьдрал жинхэнэдээ зүгээр байна уу? Эсвэл та хоёр хүмүүст л зүгээр гэж харагдуулах гээд байна уу?

-          Бид хоёрын амьдрал зүгээр, харьцаа сайхан байгаа.

-          Сайн байна. Надад та хоёр их сайхан хос гэж санагддаг юм. Гэхдээ саяхан над руу Оливия утасдаж, Вилгельмыг дандаа, бүр хэтэрхий их тэднийд ирдэг болсон гэж хэлсэн.

-          Юу хэлэхээ ч мэдэхгүй байна гэж Марта үнэнээ хэлээд: - Ер нь бол Оливия нэг тийм... гэж түгдрэв.

-          Хов  зөөгч үү? гэж эцэг нь түүний үгийг гүйцээгээд: - Тийм шүү. Тэхдээ тэр ганцаараа ч урт хэлтэй биш л  дээ.  Өнөөдөр Оливия үдэшлэг зохион байгуулж байгаа гэсэн.  Би чамайг ирнэ гээд хэлчихсэн. Долоон цагт.

-          Би очно оо. Долоо гэхэд л яваад очьё.

-          Чи эрт очсон ч хэн ч дургүйцэхгүй байлгүй. Мэрилин л... гэж хэлээд асуусан байдлаар эцэг нь түүн рүү харлаа.

Марта яаж хүлээж авахаа мэдэхгүй байлаа. Тэр өөрийгөө явдал дунд үйл явдлыг нь зохион тоглох ямар нэгэн жүжгийн гол баатар шиг л төсөөлж байв.

Эцэг нь түүн рүү сэтгэл нь зовсон байдлаар харж:

-          Надад гомдоогүй биз дээ, охин минь. Би чиний амьдралд оролцохыг хүсдэгггүй. Хэзээ ч оролцдоггүй биз дээ? гэлээ.

-           Би мэднэ ээ, ааваа. Би уурлаагүй байна. Харин ч юу бодож байгаагаа шууд хэлж байгаад чинь баяртай  байна.

Марта ингэж хэлэхдээ сэтгэлээсээ хэлсэн бөгөөд үүнийг нь эцэг нь мэдрээд тайвширах шиг санагдав.

-          За тэгээд Эленд авах бэлэгний асуудал юу болов? Чи түүнийг санаад л байгаа биз дээ?

-          Тийм, санаж байна.

-          Баяр хүргэхээр явахдаа утасдаарай. Элен Англиас буцаж ирсэн  болов уу? Зальжин эмгэн шүү.  Эхэндээ би түүнийг жаахан мангар юмуу л гэж боддог байлаа. Тухайн үедээ бидэнд их тус хүргэсэн шүү. Түүнд нь баярладаг юм. Тэгээд ч Индра түүнд их сайн байсан...

Фридрих бодолд орж, Марта дуугүй л чагнаж байлаа. Мартад ээжийнх нь нэр их таалагдаж байсан ба, түүний тухай бүгдийг мэдэхийг хүсч байлаа. “Элен гэдэг нь асрагч ч юмуу, хүмүүжүүлэгч болж таарч байх шиг байна. Маргарет тэр хүнд сайнаар ханддаг байж дээ.” гэж  Марта бодов.

Фридрих явахаар болж, Мартаг машин руу нь дөхүүлж өгөөд, хацар дээр нь үнсэн, болгоомжтой явахыг захив. Охинтойгоо  уулзсандаа сэтгэл хангалуун л үлдэх шиг боллоо. Түүний араас харан инээмсэглэж   гараа даллаж байв.

Үргэлжлэл бий

Монголжуулан орчуулсан Ё. Одончимэг, Б. Батбаяр

 

Сэтгэгдлүүд  

 
naran
0 #1 naran 2010-10-24 02:54
urgeljleliig ni tesen yadan huleej bna Thanks
Quote
 

Сэтгэгдэл нэмэх